Монгол Улсын нэгдэн орсон олон улсын эрх зүйн баримт бичиг, конвенцод агаарын навигацийн нөөц төвтэй байхыг шаарддаг бөгөөд 2023 онд “Бүсийн нислэгийн хөдөлгөөний нөөц /хоёр дахь/ төв” байгуулах ажлыг Иргэний нисэхийн салбарт стратегийн ач холбогдол бүхий бүтээн байгуулалт, үндэсний хэмжээний бие даасан хоёрдогч төв байгуулах ажлыг энэ оны долоодугаар сард эхлүүлсэн байдаг.
Тэгвэл Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Сайншанд дахь агаарын навигацийн төвийн төслийн талбайд ажиллаж, тус төвийг шуурхай ашиглалтад оруулахыг албаныханд үүрэг болголоо.
Сайншанд агаарын навигацийн төвийг 10 га газарт төлөвлөж, төвийн барилгаас гадна ажилчдын орон сууц, цэцэрлэг, спорт комплекс, ногоон байгууламжийг хамтад нь шийдэж байна. Тус төв ашиглалтад орсноор говийн бүсэд 200 гаруй байнгын ажлын байр бий болно.
Нислэгийн удирдагчийг Франц улсын ENAC зэрэг дэлхийн шилдэг сургалтын байгууллагад үе шаттай бэлтгэх аж.
Манай улс өмнө нь ганцхан навигацийн төвтэй байсан бол хоёр дахийг нь барих ажлыг ийнхүү эхлүүлсэн бөгөөд Сайншандад байгуулах нь аюулгүйг албаныхан тайлбарлав.
Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын хоёр төвтэй болсноор нислэгийн аюулгүй байдлыг олон улсын стандарт түвшинд хүргэх буюу Олон улсын иргэний нисэхийн байгууллага (IСAO)-ын шаардлагуудыг хангах аж. Олон улсын итгэл, аюулгүй ажиллагааны баталгаа нэмэгдэх юм байна. Мөн аялал жуулчлал, уул уурхай, үйлчилгээний салбарын хөгжилд эерэг нөлөө үзүүлж, бүс нутгийн эдийн засаг тэлнэ гэж үзэж байна. Тус төвийг 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Одоогийн Навигацийн төвийн ачаалал, хүн хүч, секторын тоо нэмэгдсэн. Нислэгийн хөдөлгөөний удирдлага нэг өдөр тасрахад 250 мянган ам.долларын хохирол учрах эрсдэлтэй аж. Монголын агаарын зайг Улаанбаатар дахь бүсийн удирдлагын төвөөс Алтай, Мөрөн, Төв, Дорнод, Говь, Баян гэсэн зургаан сектороор удирдаж байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ


0 cэтгэгдэлтэй