Реклам
  • Ням, 2026.11.08
  • ·
  • Улаанбаатар, -18° C

Үндэсний бөхийн “Алтан цом”-ын барилдаан эхэллээ

Монголын үндэсний бөхийн холбооноос гурав дахь удаагаа зохион байгуулж буй “Алтан цом”-ын барилдааны 2026-2027 оны шинэ улирлын барилдаан өчигдөр эхэллээ.

Тус барилдаанд энэ жил долоон баг оролцож байгаа бөгөөд өнгөрсөн жилийн “Алтан цом”-ын эзэн “Хатант интернэшнл” баг нээлтийн барилдааныг өнжиж, бусад нь нь эхний тойрогт өрсөлдөв.

Дархан аварга Н.Батсууриар ахлуулсан “Увс нуур” дэвжээний баг эхний тойрогт улсын гарди М.Лхагвагэрэл тэргүүтэй “Эв Монгол”-той учраа таарч 12:13-аар ялагдлаа. Барилдааны хоёрдугаар тойрогт “Увс нуур” дэвжээний бөх, улсын заан Л.Энхсаруул бэртэж, талбайг орхисон нь барилдаанд нөлөөлөв. Тэгвэл улсын аварга О.Хангайгаар удирдуулсан Ховд аймгийн “Ховд” дэвжээнийхэн эхний тойрогтоо улсын аварга П.Бүрэнтөгс ахлагчтай “Ажнай”-г 14:11-ээр хожлоо. Харин даян аварга Б.Орхонбаяр ахлагчтай “АПУ-Скайтел” багийнхан нээлтийн тойрогт “Эм Си Эс-Энержи”-д 8:17-гоор ялагдсан нь тааварлаагүй үр дүн байв. Нээлтийн барилдаанд даян аварга Б.Орхонбаяр хүндэтгэх шалтгааны улмаас оролцоогүй юм.

“Алтан цом”-ын эхний тойрогт улсын гарди М.Лхагвагэрэл, начин Н.Амгаланбаатар, аймгийн арслан М.Баяржавхлан нар нэг ч уналгүй таван даваатай бусдыгаа тэргүүлсэн бол дархан аварга Н.Батсуурь, улсын аварга О.Хангай, начин Б.Гончигсүрэн, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр, аймгийн арслан М.Баасанжав нар дөрөв давжээ.

“Алтан цом”-ын дараагийн тойргийн барилдаан Монгол бөхийн өргөөнд энэ сарын 21-нд болно.

Эх сурвалж: МОНЦАМЭ 

Холбоотой мэдээ

Реклам