Реклам
  • Ням, 2026.11.08
  • ·
  • Улаанбаатар, -17° C

Краковын төвд халдлага гарч, зургаан хүн амиа алджээ

Польшийн өмнөд нутгийн Краков хотын түүхэн дурсгалт барилгуудтай төв хэсэгт бямба гарагт нэгэн этгээд гал нээсний улмаас 6 хүн амиа алдаж, 15 хүн шархадсан байна.

Орон нутгийн цагаар 15:00 цагийн үед жуулчид олноороо очдог Төв захын талбайгаас холгүй орших Славковын гудамжинд уг хэрэг гарчээ. Польшийн хэвлэлүүдэд бичсэнээр, автомашинтай нэгэн эрэгтэй хүн хажуугаар өнгөрч явсан хүмүүс рүү гал нээсэн байна. Халдлагын улмаас 4 эмэгтэй, 2 эрэгтэй хүн амиа алдаж, 15 хүн шархаджээ. Тэдний дунд хоёр цагдаагийн ажилтан байснаас нэгнийх нь биеийн байдал маш хүнд байна.

Цагдаа нар хариу гал нээж, сэжигтнийг шархдуулан баривчилжээ. Сэжигтэн Польшийн иргэн байсан бөгөөд түүнийг эмнэлэгт хүргэжээ. Тэрбээр мөн 1 дугаартай трамвай руу гал нээсэн бөгөөд жолоочийн бүхээгний шил хагарсан боловч зорчигчид ба жолооч гэмтэж бэртээгүй байна.  Хэргийн газарт цагдаа нар, гал сөнөөгчид, эмнэлгийн яаралтай тусламжийн багууд ажиллаж, эмнэлгийн нисдэг тэргүүдийг дайчилжээ.

Польшийн Ерөнхий сайд Д.Туск хэлэхдээ, Дотоод хэргийн сайд Марцин Кервиньскийгээс хэрэг явдлын талаарх мэдээллийг байнга авч байгаа гэв.

Краковын ерөнхийлөгч Лукаш Гибала тус хотод 11-ний өдрийг хүртэл гашуудал зарлах тухай захирамжид гарын үсэг зурсан бол Польшийн Ерөнхийлөгч Кароль Навроцки 8-9-ний өдрүүдэд улс орон даяар гашуудал зарлалаа.

Хотын захиргаанаас амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж, оршин суугчдад хандан тайван байхыг уриалав.

Эх сурвалж: МОНЦАМЭ 

Холбоотой мэдээ

Реклам