Дэлхийн хэвлэл мэдээллийн VII чуулган “Ухаалаг технологийн өөрчлөлтийн эрин: Зөвшилцөл, хамтын ажиллагаа” сэдвийн дор Бээжин хотноо энэ сарын 5-7-нд болов.
БНХАУ-ын Синьхуа агентлаг болон Бээжин хотын Ардын засгийн газар хамтран зохион байгуулсан тус чуулганд Ройтерс, Ассошиэйтед Пресс, ТАСС, СNN, Франц пресс, Киодо зэрэг дэлхийн томоохон агентлагийн ерөнхийлөгч, захирлууд тэргүүтэй олон улс, бүс нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага, судалгааны төв, төрийн байгууллага, НҮБ болон олон улсын байгууллагын 500 орчим төлөөлөгч оролцлоо.
11 дүгээр сарын 7-ны өдөр буюу Синьхуа агентлаг байгуулагдсаны 95 жилийн ойн өдөр Ардын Их хурлын танхимд чуулганы нээлт болон нэгдсэн хуралдаан болов.
Оролцогчид хиймэл оюуныг хүртээмжтэй хөгжүүлэх, дэлхийн хэвлэл мэдээллийн салбарын өөрчлөлт, соёл иргэншлийн солилцоо, харилцан суралцах орон зайг өргөжүүлэхэд ухаалаг харилцаа холбооны үүрэг, “AI+” болон дэлхийн харилцаа холбооны засаглалын талаарх шинэ зөвшилцөл зэрэг сэдвээр хэлэлцэв.
Чуулганаар “Бээжингийн зөвшилцөл” баримт бичгийг баталж, “Хиймэл оюун ухаан ба хэвлэл мэдээлэл” сэдэвт 2026 оны тайланг албан ёсоор танилцуулав.
Энэ удаагийн чуулганд МОНЦАМЭ агентлагийн дарга Х.Энх-Орших оролцож, Синьхуа агентлагийн дарга Фү Хуа, Индонезийн Антара агентлагийн дарга Абдул Хаким нартай уулзаж хамтын ажиллагааны талаар санал солилцов. МОНЦАМЭ агентлагийн төлөөлөгчид тус чуулганд 2009, 2013, 2018, 2024 онд оролцож байсан юм.
Ташрамд мэдээлэхэд, Дэлхийн хэвлэл мэдээллийн анхдугаар чуулганыг 2009 онд Бээжин хотноо зохион байгуулж байжээ. Тус чуулганыг олон улсын яриа хэлэлцээний платформ байгуулах, дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжих зорилгоор Синьхуа агентлаг, Ассошиэйтед Пресс, Ройтерс, ТАСС зэрэг олон улсын хэвлэл мэдээллийн есөн байгууллага санаачлан зохион байгуулсан аж.

Эх сурвалж: МОНЦАМЭ


0 cэтгэгдэлтэй