Өмнөговь аймаг эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, салбар дундын хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор “Эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалъя” сэдвээр хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
“Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд энэ сарын 3-4-нд болсон тус хэлэлцүүлэгт орон нутгийн төрийн болон хувийн хэвшлийн 20 гаруй эрүүл мэндийн байгууллагын 70 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн оролцов.
Хэлэлцүүлгээр эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийн өнөөгийн нөхцөл байдал, түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн талаар хэлэлцэж, тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах арга замын талаар санал солилцлоо.
Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэргэжлийн баг оролцож, Эмэгтэйчүүдийн асуудал эрхэлсэн дэд захирал, анагаах ухааны доктор, клиникийн профессор Г.Баттулга, эх барих, эмэгтэйчүүдийн эмч, анагаах ухааны магистр Б.Чинзориг, зүрх судасны эмч Ж.Сугир нар тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр илтгэл тавьж, туршлага хуваалцлаа.
Мөн аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн зөвлөх эмч нар орон нутгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл өгч, санал солилцов.
Хэлэлцүүлгээс гарсан санал, санаачилгад үндэслэн эрүүл мэндийн бүх шатны байгууллагад хүргүүлэх зөвлөмж боловсруулахаар боллоо. Түүнчлэн тусламж, үйлчилгээний чанарыг тогтмол сайжруулах чиглэлээр салбар хоорондын төлөвлөгөө гаргаж, хамтран ажиллахаар шийдвэрлэжээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ


0 cэтгэгдэлтэй