Реклам
  • Ням, 2026.11.08
  • ·
  • Улаанбаатар, -18° C

ДЭЛХИЙН ДОЛОО ХОНОГ: Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх боллоо

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Конгрессын завсрын сонгуульд Ардчилсан нам ялж, Конгрессын хоёр танхимд олонх болсон нь дэлхий дахины анхаарлыг хамгийн ихээр татсан үйл явдал байлаа. Мөн Болгарын Ерөнхийлөгчөөр анх удаагаа эмэгтэй хүн сонгогдсон бол Польшид Үндсэн хуулийн цэцтэй холбоотой хямрал дэгдэж, Хонконгийн шүүхээс ардчиллын төлөө тэмцэгч Жошуа Вонгод 10 жилийн хорих ял оноосон, завсрын сонгуулийн дүнгээс шалтгаалан хиймэл оюун ухааны өндөр технологийн компаниудын хувьцааны ханш унасан, зуны Олимпын наадам үргэлжилж байгаа бол Криштиану Роналду шигшээ багтаа цаашид тоглохгүйгээр шийдсэн гэх зэрэг үйл явдлууд өрнөлөө. Ингээд энэ оны 45 дахь долоо хоногт дэлхий дахинд өрнөсөн эдгээр болон бусад үйл явдлыг тоймлон хүргэе.

БНН-ын ялагдлын гол шалтгаан бол Ойрх Дорнодын дайн 

Завсрын сонгуульд Ардчилсан нам ялалт байгуулснаар Конгрессын хоёр танхимд олонх боллоо. Тус нам Сенатад долоон суудал нэмж авснаар авч, 54 суудалтай болсон байна. Мөн 1976 оноос хойш хамгийн олон саналын зөрүүгээр Төлөөлөгчдийн танхимыг хяналтандаа авч, 237 суудалтай болжээ. Ерөнхийлөгч Д.Трамп Бүгд Найрамдах нам нь ялагдсанд өөрийгөө буруугүй хэмээн ойлгуулахыг хичээж, хэрвээ би өөрөө сонгуульд оролцсон бол манай нам “хол зөрүүтэй ялах байсан” гэж мэдэгджээ. Харин америкчууд Ерөнхийлөгчийн өдөөсөн Ираны эсрэг дайн нь шатахууны үнийг өсгөж, авлигыг гааруулсанд бухимдаж байлаа. Завсрын сонгуульд ялагдсан бүгд найрамдахчууд дотроо толхилцож эхэлсэн бөгөөд дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэн “бидний ялагдсан шалтгаан бол Ираны эсрэг дайн” гэж мэдэгджээ.

Хаан III Чарльз Хамтын нөхөрлөлийн уулзалтад оролцов 

Их Британийн хаан III Чарльз, Ерөнхий сайд Энди Бёрнемийн хамтаар Антигуа ба Барбуда улсад болсон Их Британийн Хамтын нөхөрлөлийн дээд хэмжээний уулзалтад оролцлоо. Карибын тэнгисийн зарим улсын удирдагчид болон идэвхтнүүдийн зүгээс боолын худалдаанд Их Британийн гүйцэтгэсэн үйлдлийн төлөө уучлалт гуйж, нөхөн төлбөр олгохыг шаарджээ. Ерөнхий сайд Бёрнэм албан ёсоор уучлалт гуйх асуудлыг хэлэлцэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн боловч нөхөн төлбөрийг шууд олгохоос татгалзсан байна.

Польшид хямрал үргэлжилсээр байна 

Польшийн Ерөнхий сайд Дональд Туск тус ​​улсын Үндсэн хуулийн цэцийг шинэчлэхэд чиглэсэн бодлогоо баримталсан хэвээр байна. 10 дугаар сарын 30-нд Тускийн засгийн газраас томилогдсон шүүгчид суудлаа эзэлж, албан үүргээ гүйцэтгэж эхэлжээ. Харин үндсэрхэг үзэлтэй ерөнхийлөгч Карол Навроцки тэднээр тангараг өргүүлж, албан тушаалд нь томилохоос татгалзсан байна. Шинээр томилогдсон нэгэн шүүгч ноён Навроцкийн Хууль ба шударга ёс (PiS) намыг дэмждэг шүүхийн ерөнхийлөгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлжээ. Ерөнхий сайд Туск мэдэгдэхдээ, энэхүү шийдвэр нь 2015-2023 онд засгийн эрхэнд байсан PiS нам шүүх засаглалын хараат бус байдлыг сулруулж, хуулийн засаглалыг алдагдуулсныг сэргээхэд зайлшгүй шаардлагатай алхам гэлээ. Харин PiS нам “Туск төрийн эргэлт хийсэн” хэмээн буруутгалаа.

Болгарын төрийн тэргүүнээр анх удаа эмэгтэй хүн сонгогдлоо

Илиана Йотова Болгар улсын анхны эмэгтэй ерөнхийлөгчөөрөө сонгогдлоо. Тэрбээр өөрийгөө “энх тайванч ерөнхийлөгч” хэмээн тодорхойлсон бөгөөд Украины дайныг зогсоохын тулд Оростой хэлэлцээ хийхийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Болгарын ерөнхийлөгч нь гол төлөв бэлгэдлийн шинжтэй үүрэг гүйцэтгэдэг албан тушаал юм. Гэхдээ энэ удаагийн сонгуулийн дүн нь Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд Румен Радев нар Оростой тогтосон найрсаг харилцаагаа улам бэхжүүлнэ гэдгийг тодорхой болголоо.

Африкийн Үндэсний Конгресс нам сонгуульд тааруухан оролцлоо 

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсад болсон парламентын сонгуулийн урьдчилсан дүнгээр Африкийн Үндэсний Конгресс (ANC) нам урьдынх шигээ амжилт гаргахгүй бололтой. ​​Нэгэн цагт улс төрийн тавцанд ноёрхож байсан тус нам нийт саналын 32 орчим хувийг авахаар байгаа нь хамгийн тааруу үзүүлэлт юм. Харин хоёр дахь том нам болох Ардчилсан холбоо (Democratic Alliance)  худалдаа, эдийн засгийн төв Йоханнесбург хотод хамгийн олон санал авахаар байна. Тус намаас нэр дэвшсэн Хелен Зилле тус хотын дарга болох эсэх нь эвсэл байгуулах хэлэлцээний дүнгээс хамаарах болно.

Ж.Вонгод 10 жилийн ял оноожээ 

Хонконгийн ардчиллын төлөө тэмцэгч Жошуа Вонгод 10 жилийн хорих ял оноолоо. Тэрбээр тус улсын үндэсний аюулгүй байдлын хуулийн дагуу өмнө нь оноосон арай хөнгөн хорих ялыг эдэлж байсан юм. Одоо 30 настай Вонг нь гадаадад дүрвэн амьдарч буй идэвхтэн Натан Лоу болон бусад хүмүүсийн хамтаар гадаадын улс орон, байгууллага, хувь хүмүүст хандан Хятадын засгийн газрын эсрэг хориг арга хэмжээ авах болон дайсагнасан бусад үйлдэл хийхийг уриалсан хэрэгт буруутгагджээ. Хонконгт 2020 онд баталсан Үндэсний аюулгүй байдлын тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш Вонг болон бусад идэвхтний хэргийг олон улсын хүний эрхийн байгууллагууд, мөн барууны болон Азийн зарим улс анхааралтай ажиглаж байна.

БНН-ыг дэмжигч И.Маскийн хувьцааны ханш унажээ 

Завсрын сонгуульд ялсан Ардчилсан намынхан өгөгдлийн төвүүдийн барилгын ажлыг зогсоох эсвэл цар хүрээг нь хумиж магадгүй гэсэн болгоомжлолоос үүдэн хиймэл оюун ухааны салбарын компаниудын хувьцааны ханш уналаа. Дэлхий дээр хамгийн өндөр зах зээлийн үнэлгээтэй чип үйлдвэрлэгч Nvidia компанийн хувьцааны ханш 3-аас дээш хувиар буурсан бол өгөгдлийн төвийн оператор компани болох CoreWeave-ийн хувьцаа 10 орчим хувиар огцом унав. Бүгд Найрамдах Намын томоохон хандивлагч Илон Маскийн эзэмшлийн компаниуд ч мөн адил цохилтод өртөж, пуужин үйлдвэрлэл-хиймэл оюун ухаанаар дагнасан  SpaceX компанийн хувьцааны ханш 4 орчим хувиар буурчээ.

Хакерууд 6 тэрбумын криптовалют хулгайлжээ

Хакерууд дэлхийн хамгийн том криптовалютын бирж болох Binance-аас 6.3 тэрбум долларын үнэтэй токен хулгайлсан нь криптовалютын түүхэн дэх хамгийн том хулгай боллоо.  Тус бирж бусад компанитай хамтран 3 тэрбум долларын үнэ бүхий криптовалютыг царцаасан ба алдагдлыг бүрэн нөхөхөө амласан байна. Умард Солонгосын хакерууд дээрх криптовалютыг хулгайлсан байж магадгүй хэмээн блокчейний сүлжээ-дүн шинжилгээний TRM Labs компани сэжиглэж байгаагаа мэдэгджээ. Халдлагын дараа биткоины ханш 5 орчим хувиар унасан боловч эргээд өмнөх түвшин болох 80 мянган долларт  хүрч сэргэсэн байна.

Өмнөд Солонгосын экспорт үлэмж өсжээ 

Өмнөд Солонгосын экспорт 10 дугаар сард 115 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 94 хувиар өссөн үзүүлэлт юм. Хиймэл оюун ухааны компаниуд болох Samsung Electronics болон SK Hynix-ийн үйлдвэрлэсэн санах ойн чипийг асар их хэмжээгээр худалдан авч байгаа тул энэ бүтээгдхүүний экспорт өсөлтөд голлох нөлөө үзүүллээ. Одоогийн байдлаар тус улс энэ онд 930 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортлоод байгаа бөгөөд оны эцэст 1 их наяд ам.доллароос давах нь тодорхой байна.

Еврогийн бүсэд инфляц өсжээ 

Еврогийн бүс дэх инфляцийн түвшин өнгөрсөн 10 дугаар сард өмнөх оны мөн үеийнхээс 4 хувиар өссөн нь 2023 оноос хойш үзэгдээгүй хамгийн өндөр түвшин юм. Евро мөнгөн тэмдэгтийг хэрэглэдэг 21 улсад жилийн инфляц есдүгээр сард 3.8 хувь байжээ. Ойрх Дорнодын дайны улмаас эрчим хүчний үнэ бараг 21 хувиар өссөн нь инфляцид голлон нөлөөллөө. Эрчим хүч болон хүнсний бүтээгдэхүүнийг оруулалгүйгээр тооцсон инфляцийн түвшин 2.5 хувь байв. Есдүгээр сард хүнсний бүтээгдэхүүний үнэ 1.3 хувиар өссөн бол 10 дугаар сард 1.6 хувиар, үйлчилгээний салбарын үнэ 3.2 хувиар өссөн бол 10 дугаар сард 3.3 хувиар тус тус өсжээ.

Нефтийн үнэ хоёр сарын хугацаан дахь доод түвшин рүү буурлаа 

Дэлхийн зах зээлийн үнийн жишиг болох Brent маркийн газрын тосны үнэ 8 хувиар буурч, нэг баррель нь 95 орчим ам.доллар болсон нь есдүгээр сараас хойших үнийн хамгийн доод түвшин юм. Д.Трамп Иран руу дахин довтолж, Персийн булангийн газрын тосны нийлүүлэлтийг тасалдуулж болзошгүй гэсэн болгоомжлолоос үүдэн сүүлийн хэдэн долоо хоногт үнэ өссөөр байв. Харин Бүгд Найрамдах нам завсрын сонгуульд ялагдсаны дараа ерөнхийлөгч Трамп олны дургүйцлийг төрүүлж буй байлдааны ажиллагааг сэргээхгүй байх гэж арилжаачид үзэж байна.

Ирэх долоо хоногт дэлхий дахинд болох гол үйл явдлууд: 

Арваннэгдүгээр сарын 9

  • Европын Холбооны Дроны асуудлаарх дээд хэмжээний уулзалт 11 дүгээр сарын 9-10-нд болно. Европ тивд дроныг ашиглах аюулгүй ажиллагааны зохицуулалт, үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварын талаарх дээд түвшний бодлогыг боловсруулна.
  • Шинжлэх ухаан, энх тайвны олон улсын долоо хоног 11 дүгээр сарын 9-15-нд болно. Энэ бол шинжлэх ухааны дэвшил, энх тайван, аюулгүй байдлыг дэмжих зорилгоор НҮБ-аас жил бүр зохион байгуулдаг долоо хоног юм.
  • НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын Талуудын 31 дүгээр бага хурал /СОР31/ 11 дүгээр сарын 9-20-ны өдрүүдэд Туркийн Анталия хотод зохион байгуулагдана.
  • Цөмийн зэвсгийн эсрэг олон улсын өдөр
  • Фашизм, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл, еврейчүүдийг үзэн ядах үзлийн эсрэг олон улсын өдөр.

Арваннэгдүгээр сарын 9-15

  • Пауэрлифтингийн ДАШТ (Equipped Powerlifting) явагдана.
  • Хоккейн эмэгтэйчүүдийн ДАШТ (IIHF Women’s World Championship) Дани улсад зохион байгуулагдана.
  • Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадам Сенегал улсын нийслэл Дакар хотноо, түүхэнд анх удаагаа Африк тивд болж байна. 9-нөөс 15-ны өдрүүдэд медалийн төлөөх шийдвэрлэх тоглолтууд болон хаалтын ажиллагаа болно.

Арваннэгдүгээр сарын 10

  • Дэлхийн залуучуудын өдөр
  • Олон улсын нягтлан бодох бүртгэлийн өдөр (Нягтлан бодогчдын өдөр)

Арваннэгдүгээр сарын 11

  • АНУ-ын 66 дугаар хурдны зам нээгдсэний 100 жилийн ой

Арваннэгдүгээр сарын 12

  • ЮНЕСКО-гоос зохион байгуулж буй Инновацийн төлөөх нээлттэй шинжлэх    ухааны бага хурал Парис хот дахь ЮНЕСКО-гийн Төв байранд болон цахим хэлбэрээр зохион байгуулагдана

Арваннэгдүгээр сарын 13

  • Боловсролын ногоон хөгжлийн түншлэлийн жил тутмын 4 дэх удаагийн уулзалтаар НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх 31 дүгээр бага хурлын (COP31) хүрээнд боловсролын тогтолцоог ногоон болгох амлалтуудыг бодитоор хэрэгжүүлэх, улс орнуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлуудыг хэлэлцэнэ.
  • Катар улсын Доха хотноо болж буй буудлагын ДАШТ (ISSF World Championship) өндөрлөнө.

Арваннэгдүгээр сарын 14

  • Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр Энэ бол ) бол чихрийн шижин өвчний талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилготой дэлхийн хэмжээний кампанит ажил юм
  • Саудын Арабын Эр-Рияд хотноо эмэгтэйчүүдийн ганцаарчилсан болон хосын төрөлд шилдэг 8 теннисчин өрсөлддөг WTA Finals тэмцээний хагас шигшээ болон шигшээ тоглолтууд болно.
  • Нью-Йорк хотын алдарт “Мэдисон Скуэр Гарден” ордонд UFC-ийн ээлжит томоохон тулаанууд, тэдгээрийн дотор хүнд жинд Сирил Ган, Тайсон Хокит нарын тулаан болно.

Арваннэгдүгээр сарын 15

  • Зам тээврийн ослын хохирогчдыг дурсах дэлхийн өдөр
  • Сёрфингийн дэлхийн наадам (ISA World Surfing Games) Перу улсын Пунта Рокас далайн эрэгт болно
  • Италийн Турин хотноо шилдэг 8 эрэгтэй теннисчин оролцох ATP Finals улирлын Хаалтын тэмцээн эхэлнэ
  • NFL International Games буюу Америкийн үндэсний хөлбөмбөгийн лигийн (NFL) дэлхийн хөгжөөн дэмжигчдэд зориулсан олон улсын цуврал тоглолтын ээлжит үзүүлбэр Германы Мюнхен хотын “Альянц Арена” цэнгэлдэх хүрээлэнд болно.
  • Эх сурвалж: МОНЦАМЭ 

Холбоотой мэдээ

Реклам