Реклам
  • Ням, 2026.11.08
  • ·
  • Улаанбаатар, -18° C

ДУНДГОВЬ: Байгууллагууд хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлж байна

Дундговь аймгийн Орон нутгийн өмчийн газар албан хаагчдынхаа хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх, гэр бүлд чиглэсэн дэмжлэгийг нэмэгдүүлэх зорилгоор “Хүүхэд хөгжлийн өрөө” тохижуулж ашиглалтад орууллаа.

Тус өрөөг аймгийн Засаг даргын 2026 оны А/152 дугаар захирамжийн хүрээнд байгууллагын Эцэг, эхийн зөвлөлийн санаачилгаар тохижуулсан байна.

“Хүүхэд хөгжлийн өрөө”-г тохижуулснаар албан хаагчдын хүүхдүүд аюулгүй, тав тухтай орчинд тоглож, амарч, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэхийн зэрэгцээ насны онцлогт тохирсон тоглоом, хэрэглэл ашиглан хөгжих, суралцах боломж бүрджээ.

Ингэснээр албан хаагчид хүүхдээ ажил дээрээ тайван байлгах боломжтой болж, ажил, гэр бүлийн үүргээ зохицуулахад нь дэмжлэг болох юм.

Дундговь аймагт хүүхдэд ээлтэй ажлын орчин бүрдүүлэх санаачилга бусад байгууллагад ч хэрэгжиж байна. Тухайлбал, аймгийн Онцгой байдлын газарт хүүхдийн өрөө тохижуулахад орон нутгийн бизнес эрхлэгч Г.Сугирцэцэг дэмжлэг үзүүлж байсан бол Сайнцагаан сумын 6 дугаар цэцэрлэг энэ сарын 2-нд ажилтнуудынхаа хүүхдэд зориулсан өрөөтэй болжээ.

Мөн 2022 онд нэг байгууллага ажилтнуудынхаа хүүхдэд зориулан 2.2 сая төгрөгөөр хүүхдийн өрөө тохижуулж байжээ.

Хүүхдэд ээлтэй ажлын орчин бүрдүүлэх нь ажилтнуудын нийгмийн баталгааг дэмжих, хүүхдийн аюулгүй байдал, хөгжих эрхийг хангахын зэрэгцээ ажил, амьдралын тэнцвэрийг хадгалах, байгууллагын гэр бүлд ээлтэй соёлыг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Холбоотой мэдээ

Реклам