2026 оны хоёрдугаар ээлжийн хугацаат цэргийн албаны татлагыг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумаас эхлүүллээ.
Цэрэг татлагын комисст тус сумын 10 багийн 70 гаруй цэргийн насны залуус хамрагдаж байна.
Хугацаат цэргийн албаны татлагыг зохион байгуулах нь залуучуудыг цэргийн алба хаалгах замаар эх орноо батлан хамгаалах үүргээ биелүүлэх боломжийг бүрдүүлж буй аж. Үүний зэрэгцээ тэдний эрүүл чийрэг бие бялдар, сэтгэл зүйн болон цэргийн бэлтгэлтэй байдлыг нэмэгдүүлэх, улсын батлан хамгаалах чадавхыг бэхжүүлэх, дайчилгааны бэлтгэл үүрэгтний нөөцийг бүрдүүлэх зорилготой юм.
Зарлан дуудах мэдэгдэл авсан иргэн Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний журамт үүргээ биелүүлж, заасан газар, тогтоосон хугацаанд цэрэг татлагын байранд хүрэлцэн ирэх үүрэгтэй.
Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зарлан дуудах мэдэгдэл авсан ч цэрэг татлагад ирээгүй иргэнийг Зөрчлийн тухай хуулийн 15.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болон Цэргийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь заалтын дагуу хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг холбогдох байгууллагаас анхаарууллаа.
Цэрэг татлагад хамрагдах иргэн дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:
-Иргэний үнэмлэх;
-Цэргийн үүрэгтний үнэмлэх;
-Нийгмийн даатгалын дэвтэр, дэвтэргүй тохиолдолд 3х4 хэмжээтэй цээж зураг болон дэвтрийн үнэ;
-Суралцаж байгаа сургуулийн тодорхойлолт, оюутны үнэмлэх, сургалтын төлбөр төлсөн баримтын хуулбар;
-Гадаадад суралцаж байгаа иргэний хувьд ар гэрийн төлөөлөл нь виз болон сүүлийн хил нэвтрэлтийн тэмдэгтийн хуулбарыг авчрах;
-Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн байхыг сануулав.
Ийнхүү залуусыг Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний журамт үүргээ биелүүлж, хариуцлагатай иргэн байхыг ЗДТГ-ын Цэргийн штабаас уриаллаа.
Эх сурвалж: МОНЦАМЭ


0 cэтгэгдэлтэй