Реклам
  • Ням, 2026.11.08
  • ·
  • Улаанбаатар, -18° C

ТӨВ: Боловсролын салбарт ахиц гарч, сургалтын орчин сайжирчээ

Төв аймаг 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлаж, улс, аймаг, орон нутгийн төсвийн 27.5 тэрбум төгрөгийг энэ салбарт зарцуулан сургалтын чанар, сурагчдын сурлагын амжилтыг дээшлүүлэхэд чиглэсэн ажлуудыг хэрэгжүүлж байна.

Төв аймгийн Засаг даргын зөвлөх Б.Отгонбаяр, Элсэлтийн шалгалтын дүнгээр улсын дунджаас 4.5 оноогоор ахиж, улсын хэмжээнд 12 дугаар байрт эрэмбэлэгдэн өмнөх оныхоос 9 байраар урагшиллаа. Гүйцэтгэлийн үнэлгээгээр аймгийн хэмжээнд нийт цэцэрлэгийн 76.3 хувь нь 1-4 дүгээр түвшинд үнэлэгдсэн. Сэргэлэн, Мөнгөнморьт, Зуунмод сумын “Хүмүүн” цэцэрлэг болон Угтаалцайдам сумын цэцэрлэг 98 хувиас дээш үнэлүүлсэн.

Ерөнхий боловсролын сургуулиудаас Мөнгөнморьт, Эрдэнэ, Сүмбэр, Баянчандмань сумын сургуулиуд 80 хувиас дээш гүйцэтгэлийн үнэлгээтэй байна.

Энэ онд улсын төрөлжсөн олимпиад, уралдаан, тэмцээнд амжилт үзүүлсэн багш, сурагчдад болзлын дагуу нийт 168 сая төгрөгийн шагнал, урамшуулал олголоо.

Сумдын сурагчдын англи хэлний мэдлэг, сургалтын чанарыг дээшлүүлэх зорилгоор 11 сумын сургуульд Филиппин Улсаас англи хэлний багш ажиллуулж байна. Мөн АНУ-ын Энхтайваны корпустай хамтран англи хэлний 31 багш, 432 сурагчийг хамруулсан зуны сургалтыг зохион байгуулсан.

Сургалтын орчин, сургуулийн хүчин чадлыг нэмэгдүүлэхээр Заамар сумын Хайлааст багт 320, Борнуур суманд 320, Зуунмод суманд 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилгыг ашиглалтад орууллаа. Түүнчлэн Зуунмод сумын 2 дугаар сургууль, Аргалант сумын сургуулийн дотуур байр, “Ирээдүй”, “Хүмүүн” цэцэрлэгийн барилгад их засвар хийсэн. Засварын ажлыг орон нутаг болон аж ахуйн нэгжүүдийн 2.4 тэрбум төгрөгийн хандив, санхүүжилтээр гүйцэтгэсэн.

Мөн Зуунмод сумын 1 дүгээр сургууль болон Дэлгэрхаан сумын сургуулийн 100-150 хүүхдийн багтаамжтай шинэ дотуур байрны барилгыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж байна. Тус барилгуудыг ирэх хичээлийн жилд ашиглалтад оруулахаар ажиллаж байгааг тэрбээр мэдээллээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Холбоотой мэдээ

Реклам