Тус аймгийн боловсролын салбарынхан Монголын багш нарын 60 дахь өдрийг амжилт бүтээл дүүрэн угтлаа.
Аймгийн Засаг даргын захирамжаар баталсан “Багшийн ажлын гүйцэтгэл, үр дүнг үнэлж, буцалтгүй тусламж олгох журам”-д заасны дагуу онцгой амжилт гаргасан багш нарыг 5-8 сая төгрөгөөр шагнан урамшуулсан юм.
Олон улсын хэмжээний болон улсын төрөлжсөн олимпиадуудад шавь бэлтгэн медальт байр эзэлсэн, элсэлтийн шалгалтад бэлтгэсэн суралцагч нь 800 оноо авсан, анги нийтийн олимпиадын төрөл, ангилал тус бүрээр хамгийн өндөр гүйцэтгэлтэй үнэлэгдсэн багш нар дээрх урамшуулалд хамрагдлаа.
Мөн аймгийн боловсролын салбарын 2026 оны тэргүүний байгууллага, удирдлага, багш, ажилтнуудыг 12 төрлөөр тодруулав. Аймгийн тэргүүний сургуулиар Хархорин сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургууль, тэргүүний цэцэрлэгээр Арвайхээр сумын 11 дүгээр цэцэрлэг, тэргүүний дотуур байраар Бат-Өлзий сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 100 хүүхдийн дотуур байр тус тус шалгарлаа.
Энэ онд улс, орон нутгийн хөрөнгө оруулалтаар Арвайхээр, Баян-Өндөр, Хархорин суманд тус бүр 320 хүүхдийн сургуулийн өргөтгөл, Уянга суманд 100 хүүхдийн дотуур байр, Сант, Гучин-Ус, Уянга, Хархорин суманд 250 суудалтай спорт заал, Арвайхээр суманд 150 хүүхдийн цэцэрлэгийн шинэ барилга, Богд, Бүрд, Зүүнбаян-Улаан суманд 50 хүүхдийн цэцэрлэгийн өргөтгөлийг тус тус ашиглалтад оруулж, боловсролын үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдүүлж байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ


0 cэтгэгдэлтэй