Казах түмний бүргэдээр ан хийх уламжлал, өв соёлыг сурталчлан таниулах “Бүргэдийн баяр-2026” Баян-Өлгий аймгийн Буянт сумын Шар нуурын орчимд аравдугаар сарын 3, 4-нд боллоо.
Бүргэдээр ан хийх уламжлалт зан үйлийг ЮНЕСКО 2010 онд “Хүн төрөлхтний соёлын биет бус өв”-ийн төлөөллийн жагсаалтад бүртгэсэн юм. Монгол Улсад энэхүү өвийг хадгалан хамгаалах, хойч үед өвлүүлэн үлдээх, олон нийтэд сурталчлах зорилгоор “Бүргэдийн баяр”-ыг зохион байгуулдаг бөгөөд тус наадам нь Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны албан ёсны үйл ажиллагааны хуанлид багтдаг байна.
Монголын бүргэдчид холбоо 2000 оноос “Бүргэдийн баяр”-ыг зохион байгуулж эхэлсэн бөгөөд энэ нь бүргэдээр ан хийх, шувуулахуйн уламжлал, зан заншлыг сэргээн хөгжүүлэхээс гадна дотоод, гадаадын жуулчдад сурталчлах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон хөгжүүлэх томоохон үйл ажиллагаа болж өргөжсөн юм.
Харин Казах шувуулахуйн холбоо ТББ-аас зохион байгуулдаг “Бүргэдийн баяр”-ыг Буянт сумын Шар нуурын орчим дахь Хойлог толгой хэмээх газарт дөрөв дэх жилдээ зохион байгууллаа.
Тус баярын гол зорилго нь казах түмний бүргэдээр ан хийх эртний уламжлал, өв соёлыг сэргээн хөгжүүлэх, залуу үед өвлүүлэн үлдээх, олон нийтэд таниулахын зэрэгцээ дотоод, гадаадын жуулчдын сонирхлыг татаж, орон нутгийн аялал жуулчлалыг дэмжих зорилготой хэмээн тус холбооны тэргүүн Б.Бекболат ярилаа.
“Бүргэдийн баяр”-ыг жилд хоёр удаа зохион байгуулдаг уламжлалтай. Намрын баярыг Баян-Өлгий аймагт, хаврын баярыг Улаанбаатар хотод зохион байгуулдаг бөгөөд энэ жилийн намрын баярыг Казах шувуулахуйн холбоо Буянт сумын Шар нуурын орчимд, Монголын бүргэдчид холбоо Бугат сумын нутагт тус тус зохион байгууллаа.
Энэ жилийн баярт Сагсай сумын бүргэдчин Матейн Айтхабыл түрүүлж, шилдэг бүргэдчнээр шалгарлаа.
Баярын үеэр тулам булаалдах, хүүхэн хөөх, зоос шүүрэх, шагайн харваа, урианхай сурын харваа, жороо морины уралдаан зэрэг уламжлалт тэмцээн зохион байгуулав.
Мөн аймаг, орон нутгийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, гар урчууд оролцож, бүтээгдэхүүнээ танилцуулан худалдсан байна. Түүнчлэн хадны сүг зургийн үзэсгэлэн, үндэстэн, ястны өв соёлын үзмэр дэлгэж, урлагийн тоглолт, цэнгээнт хөтөлбөр зохион байгууллаа.
“Бүргэдийн баяр-2026”-г Баян-Өлгий аймгийн ЗДТГ, Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Байгаль орчны газар болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд хамтран зохион байгуулж дэмжин оролцлоо.








Эх сурвалж: МОНЦАМЭ


0 cэтгэгдэлтэй