БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (KOICA)-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газраас зохион байгуулсан “2026 оны KOICA-гийн сургалт төгсөгчдийн форум” өнөөдөр “Чингис хаан” үндэсний музейд боллоо.
Энэ удаагийн форумыг “Дэлхий дахины өөрчлөлт ба Монгол Улсын ирээдүй: Төрийн манлайлал, итгэлцэл ба тогтвортой хөгжил” сэдвийн дор зохион байгуулж байна. Тус форум нь KOICA-гийн Олон улсын сургалтын хөтөлбөрөөр дамжуулан БНСУ-д сургалтад хамрагдсан Монгол Улсын сургалт төгсөгчдийг нэг дор цуглуулж, сургалтаар олж авсан туршлага, мэргэжлийн мэдлэгээ хуваалцахын зэрэгцээ Монгол Улсад тулгамдаж буй асуудал болон цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар хамтран хэлэлцэх зорилготой юм.
Монгол Улсын төрийн болон нийтийн байгууллага, эрдэм шинжилгээний салбар зэрэг төрөл бүрийн салбарт ажиллаж буй KOICA-гийн сургалт төгсөгчид оролцож, дэлхий дахины хурдацтай өөрчлөлтийн нөхцөлд Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангахад шаардлагатай төрийн манлайлал, нийгмийн итгэлцэл, бодлогын хариу арга хэмжээний талаар санал бодлоо солилцлоо.
БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вон нээлтийн үеэр хэлсэн үгэндээ, “Монгол Улс нь БНСУ-ын хувьд гуравдагч хөршийн чухал түнш, харин БНСУ нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй дотно түнш юм. Хоёр улс харилцан итгэлцэл, хамтын ажиллагаагаа улам бэхжүүлснээр Монгол, Солонгосын харилцааны алтан үеийг хамтдаа бүтээхэд бид нэг алхам ойртох болно” хэмээн тодотгов.
Мөн тэрбээр, “Энэ жил Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 36 жилийн ой тохиож байна. Хоёр улсын харилцааны бат бөх тулгуур баганын нэг нь яах аргагүй иргэд хоорондын харилцаа юм. Сүүлийн жилүүдэд аялал жуулчлал, гэр бүл, төрөл садангийн уулзалт, эрүүл мэнд, бизнес зэрэг олон чиглэлээр хоёр орны иргэдийн харилцаа, солилцоо тогтвортой өргөжиж байна. КОЙКА-гийн сургалтад хамрагдсан Монгол төгсөгчид нэгдэн КОЙКА-гийн төгсөгчдийн холбоог байгуулсан нь сургалтаар эхэлсэн хамтын ажиллагаа урт хугацааны тогтвортой харилцаа болон өргөжин хөгжиж буйн тод илрэл юм. KOICA-гийн сургалт төгсөгчид KACOM-ийг төв болгон харилцаа, хамтын ажиллагаагаа тасралтгүй үргэлжлүүлж, өөр өөрийн мэргэжлийн салбарыг хооронд нь холбон, БНСУ болон Монгол Улсыг улам ойртуулах бат бөх хүний нөөцийн сүлжээ болон хөгжөөсэй” хэмээв.
KOICA-гийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын орлогч дарга Со Хён Жэ ярихдаа, “Өнөөдрийн хэлэлцүүлэг зөвхөн үйл ажиллагааны хүрээнд үлдэхгүй, сургалт төгсөгчид өөрсдийн ажлын талбарт шинэ санаа, мэдлэгээ бодит ажил болон бодлогод хэрэгжүүлэхэд нь түлхэц болно. KOICA-гийн сургалтын хөтөлбөрийн зорилго нь Монгол Улсын төрийн албан хаагчид, мэргэжилтнүүд сургалтаар олж авсан мэдлэг, туршлагаа Монголын нөхцөлд нийцүүлэн ашиглаж, бодлого, тогтолцоо болон өдөр тутмын ажилдаа хэрэгжүүлэх чадавхаа бэхжүүлэхэд оршиж байна” хэмээн онцлов.
Мөн тэрбээр, “Энэхүү форум нь KOICA-гийн сургалт төгсөгчид сургалтаар олж авсан туршлага, мэдлэгээ хуваалцахын зэрэгцээ холбогдох байгууллагатай хамтын ажиллагааны суурийг бэхжүүлэх зорилготой үйл ажиллагаа юм. Төрийн байгууллага болон төрөл бүрийн салбарт ажиллаж буй сургалт төгсөгчид, мэргэжилтнүүд хамтран Монголын нийгэмд тулгарч буй асуудал, цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар хэлэлцэж байгаагаараа онцлог. Өөрөөр хэлбэл, энэ нь зөвхөн сургалттай холбоотой үйл ажиллагаа биш юм. Сургалтаар олж авсан мэдлэг, туршлагыг ажлын талбарт хэрэгжүүлэх, шинэ хамтын ажиллагааг бий болгох боломжийг бүрдүүлэх нь энэхүү форумын чухал зорилтын нэг юм. Мөн сургалтын дараа ч бусад сургалт төгсөгчид болон БНСУ-ын байгууллага, мэргэжилтнүүдтэй харилцаа, хамтын ажиллагаагаа хадгалж, шинэ мэдлэг, туршлагаа тасралтгүй солилцох боломжтой байдаг нь чухал давуу тал” гэв.
Түүнчлэн “Jargal Defacto Institute”-ын үүсгэн байгуулагч Д.Жаргалсайхан Монгол Улсын ирээдүйн талаарх олон талын байр суурийг хуваалцлаа. Оролцогчид өөрсдийн ажил, мэргэжлийн хүрээнд хуримтлуулсан туршлага болон БНСУ-д сургалтад хамрагдах хугацаанд олж авсан мэдлэгтээ тулгуурлан бодит ажил, бодлогын талбарт тулгарч буй асуудал, тэдгээрийн ач холбогдлын талаар санал солилцов.
KOICA-гийн Олон улсын сургалтын хөтөлбөр (IEM-CIAT) нь хамтран ажиллагч орнуудын төрийн албан хаагч, мэргэжилтнүүдэд БНСУ-ын хөгжлийн туршлага, мэргэжлийн мэдлэгийг хуваалцаж, хамтран ажиллагч орнуудын хүний нөөц, институцийн чадавхыг бэхжүүлэхэд чиглэдэг байна.
Монгол Улсын хувьд төрийн захиргаа, эдийн засаг, боловсрол, хөдөө аж ахуй, мал аж ахуй, хот байгуулалт, дижитал шилжилт зэрэг олон салбарын төрийн албан хаагч, мэргэжилтнүүд KOICA-гийн сургалтад хамрагдаж, БНСУ-ын бодлого, хөгжлийн туршлагаас суралцсаар иржээ.
KOICA-гийн Олон улсын сургалтын хөтөлбөрийн чухал үр дүнгийн нэг нь сургалт дууссаны дараа ч үргэлжлэх сургалт төгсөгчдийн хоорондын хүний нөөцийн сүлжээ, мэдлэг, туршлагын солилцоо юм. Монгол Улсад KOICA-гийн сургалт төгсөгчдийн холбоо болох KACOM (KOICA Alumni’s Club of Mongolia)-ийг төв болгон төрөл бүрийн салбарт ажиллаж буй сургалт төгсөгчид тасралтгүй харилцаж, сургалтаар олж авсан туршлага, мэргэжлийн мэдлэгээ хуваалцахын зэрэгцээ шинэ хамтын ажиллагааны боломжийг бий болгож байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ


0 cэтгэгдэлтэй