Монгол Улс, ОХУ дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойг тохиолдуулан хүндэтгэлийн ёслолыг Москва хотод 1921 онд түүхэн баримт бичиг зурагдсан Метрополь зочид буудалд зохион байгууллаа.
Энэ үеэр УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук, Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга, ОХУ-ын Байгаль орчин, экологийн сайд А.А.Козлов, Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн орлогч дарга К.И.Косачёв, Төрийн Думын орлогч дарга А.В.Гордеев нарын хүндэт зочид оролцож, хоёр улсын ард түмний найрсаг харилцаа, хамтын ажиллагааны түүхэн замнал, өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн талаар дурдаж, баяр хүргэн мэндчилгээ дэвшүүлэв.
Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа тус үеэр хэлсэн үгэндээ, Монгол, Оросын харилцааны 105 жилийн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн чухал үйл явдал, түүхэн ололт амжилтыг онцлов. Түүнчлэн хоёр улсын харилцааг шинэ агуулгаар баяжуулах, худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, эрчим хүч, боловсрол, соёл, хүмүүнлэгийн зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн цаашдын зорилт, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон төсөл, ажлуудыг дурдав.
Хүндэт зочид хоёр улсын төрийн тэргүүн нарын дээд түвшний уулзалт, хэлэлцээний үеэр хүрсэн тохиролцоо, мөн Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичигт тусгасан зорилт, үүрэг амлалтыг бодит ажил хэрэг болгохын төлөө хамтран ажиллахын чухлыг тэмдэглэж, Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааны боломжийг бүрэн дүүрэн ашиглахад анхаарч ажиллахаа илэрхийллээ.
Урлагийн хөтөлбөрт ОХУ-ын Александровын нэрэмжит дуу, бүжгийн эрдмийн чуулга оролцож, Монгол Улс, ОХУ-ын төрийн дууллыг эгшиглүүлсэн нь онцлох мөч байв. Түүнчлэн ОХУ-ын Ардын жүжигчин Ольга Рыбникова болон Монголын соёл, урлагийн төлөөлөл хоёр улсын ард түмний соёлын өв, урлагийн шилдэг бүтээлүүдээс толилууллаа.
Дипломат харилцаа тогтоосон 105 жилийн түүх нь хоёр орны ард түмний найрсаг харилцаа, харилцан итгэлцэл, сайн хөршийн хамтын ажиллагааны үнэт өв юм. Энэхүү түүхэн уламжлалд тулгуурлан иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг цаашид бэхжүүлж, хоёр улсын ард түмний сайн сайхан, хөгжил дэвшлийн төлөө хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахын төлөө талууд тууштай ажиллаж байгааг тодотгов.
Энэхүү ойн хүрээнд хүндэт зочид, төлөөлөгчид түүхэн үйл явдал болсон Метрополь зочид буудлын хананд байршуулсан Монголын төрийн зүтгэлтэн Д.Сүхбаатарын дурсгалын самбарт цэцэг өргөв. Тус ёслолд Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар, төр, хувийн хэвшлийн байгууллагуудын удирдлага, төлөөлөл, хоёр талын харилцаанд хичээл зүтгэл гарган ажилладаг эрхмүүд, нийт 500 гаруй зочид төлөөлөгч оролцов.



Эх сурвалж: МОНЦАМЭ


0 cэтгэгдэлтэй