Реклам
  • Ням, 2026.11.08
  • ·
  • Улаанбаатар, -18° C

ХОВД: “Мөнгөлөг шагшуурга” мөсний баяр ирэх оны нэгдүгээр сард болно

Ховд аймгийн “Мөнгөлөг шагшуурга” цас мөсний баярыг 2027 оны нэгдүгээр сарын 30-31-ний өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөж байна.

Ховд аймгийн үзэсгэлэнт газруудын нэг болох Хар-Ус нуурыг түшиглэн өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор “Мөнгөлөг шагшуурга” мөсний баярыг ирэх онд зохион байгуулах саналыг холбогдох дээд шатны байгууллагад уламжилжээ. Одоогоор Ховд аймгийн ЗДТГ, бусад мэргэжлийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын баг байгуулж, нарийвчилсан төлөвлөгөө боловсруулахаар ярилцаж байна.

Нэн ховор амьтны жагсаалтад орсон борцгор хотон шувуу зусаж, үр төлөө авдаг цорын ганц өлгий бол Хар-Ус нуур юм. 

Иймд зөвхөн Ховд аймгийн Хар-Ус нуурт өндөглөдөг борцгор хотон шувууг хамгаалах, байгаль дэлхийгээ хайрлах, олон угсаатны өв соёл, уламжлалыг түгээн дэлгэрүүлэхээр тус баярыг анх 2009 онд байгаль хамгаалагчид, малчдын бүлэг, нөхөрлөлийн санаачлагаар эхэлж байсан түүхтэй.  

Тус баяр нь өвлийн улирлын байгалийн үзэмж, нутгийн онцлог, олон угсаатны өв соёл, уламжлалт зан үйлд түшиглэн орон нутгийн аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, гадаад дотоодын аялагч, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Баярын хүрээнд орон нутгийн иргэд, аж ахуйн нэгжүүдийн оролцоотойгоор үндэсний уламжлалт хоол хүнс, гар урлал, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчилж, урлаг, спортын тэмцээн, уламжлалт тоглоом наадгай, орчин үеийн үзүүлбэр, сонирхолтой хөтөлбөрүүдийг зохион байгуулж иржээ. 

Эх сурвалж: МОНЦАМЭ 

Холбоотой мэдээ

Реклам