Олон улсын байдал улам бүр тогтворгүй болж буй энэ үед үр тарианы стратегийн нөөц бүрдүүлэх асуудлыг Францын эрх баригчид хэлэлцэж эхэлжээ. Энэ тухай ТАСС мэдээлснийг Kazinform агентлаг дамжууллаа.
RTL радиостанцын мэдээлснээр, 1950-иад оны үед хүнсний нөөц бүрдүүлэхээс татгалзаж байсан тус улс одоо нөөцийн тогтолцоонд эргэн шилжихээр төлөвлөж байна.
Өдгөө Франц даяар 4500 орчим үр тарианы агуулах байдаг. Эдгээр агуулахад үр тариа нөөцөлсөн тохиолдолд хямралын үеийн үндсэн хэрэглээг бүтэн сарын турш хангахад хүрэлцэх юм. Гэхдээ хувийн агуулахуудын эзэд үр тариаг чөлөөтэй экспортолдог ба тухайн объектуудыг тусгайлан хамгаалдаггүй ажээ.
Францын үр тариа үйлдвэрлэгчдийн AGPB холбооны тэргүүн Эрик Тируэн хэлэхдээ, үр тарианы улсын нөөц бүрдүүлэх ажлыг түргэсгэхийг уриалаад, хүнсний нөөц бол стратегийн чухал ач холбогдолтой зүйл гэдгийг дурдлаа.
Францын Хөдөө аж ахуйн сайд Энни Женевард нөөц бүрдүүлэх асуудлаар тодорхой саналууд боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулахыг даалгасан бөгөөд тус ажлын хэсэг саналуудаа 11 дүгээр сар дуусахаас өмнө танилцуулах ёстой.
Европын комиссоос Европын Холбооны гишүүн орнуудад хандан хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэмжээнүүдийг эрчимжүүлэхийг уриалж буй энэ үед Францад үр тарианы нөөц бүрдүүлэх асуудлыг хэлэлцэж байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ


0 cэтгэгдэлтэй