Реклам
  • Баасан, 2026.11.06
  • ·
  • Улаанбаатар, -4° C

Хэлмэгдэгсдийг цагаатгах хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржоос 2026 оны 7 дугаар сарын 2-нд өргөн мэдүүлсэн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, Х.Баасанжаргал, П.Сайнзориг, С.Зулпхар, С.Ганбаатар, Д.Ганмаа, С.Одонтуяа нар асуулт асууж, хариулт авсан. Тодруулбал, УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, хуулийн 12.3-т 2020 оны 12 дугаар сарын 31-нээс өмнө гэж цагаатгагдсан хүний нөхөн олговор нэхэмжлэх эрхэд хугацааны хаалт тогтоосон бөгөөд төсөлд уг заалтыг хүчингүй болгохоор тусгасныг дэмжиж байна гээд, харин зардлын тайланд туссан 1 тэрбум 788 сая төгрөгийн хамрах хүрээ, нэрсийн давхардал, нөхөн олговрын төрөл тус бүрийн эрхийн шалгуур, баталгаажсан нотолгоо хангалттай биш байгаа тул санхүүгийн тооцоолол дахин хийх шаардлагатай гэв.

Төсөл санаачлагч гишүүн Б.Пүрэвдорж, Иргэдэд нэхэмжлэл гаргах эрхийг нээж өгснөөр 43 гомдлыг хүлээж авах боломжтой болно. Эдгээр хүмүүст нийтдээ 1 тэрбум 788 сая төгрөгийн зардал гарах юм. Энэ мөнгийг ирэх жилийн төсвийн төсөлд тусгахаар ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, ирэх оны төсвийн төсөл хэлэлцэж буй энэ үед эхний ээлжид 1.0 тэрбум төгрөгийг суулгаж, үүнээсээ шүүхээр шийдэгдээд цагаатгагдсан иргэдийн ар гэрийн асуудлыг шийдвэрлэнэ гэлээ.

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал Монгол Улсын соёл, шашны салбарт улс төрийн хилс хэрэг ихээн хохирол учруулж, олон сүм хийд, эртний соёлын үнэт өв устаж үгүй болсон гээд, иймд асуудлыг өргөн цар хүрээтэй харж, хохирлын асуудлыг дахин судлах цаг болсныг тодотгов. Мөн тэрбээр шашин, сүм хийд, лам нарыг үзэн ядах, үзэл санааг нь мушгин гуйвуулсан урлагийн бүтээлүүдийг засаж, залруулах, ажлынхаа цар хүрээг өргөжүүлэх нь зүйтэй гэсэн саналыг хэлсэн юм.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Х.Баасанжаргал гишүүний саналыг дэмжиж байгаагаа илэрхийлээд, хуулийн төсөл батлагдсаны дараа ор сураггүй алга болсон 770 хүнийг цагаатгахтай холбоотой хуулийн төслийг боловсруулж, хаврын чуулганаар өргөн мэдүүлэхээр ажиллаж байна гэв. Түүнчлэн тэрбээр, коммунизмын үзэл суртал агуулсан кинонуудыг бусад улс орнууд хориглосон байхад Монголд үүнийг баатарлаг үйл мэтээр үзүүлж, ялангуяа лам нарын эсрэг суртал, ухуулгатай киног өнөөдрийг хүртэл үзүүлж байгаа нь буруу хэмээлээ. Иймд тухайн уран бүтээл, кинонуудын коммунизмын үзэл сурталтай хэсгүүдийг хасах, засварлах шаардлагыг Соёлын яам болон тодорхой түвшинд тавина гэв.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг хэлмэгдэгсдийн талаарх баримт мэдээллийн нэгдсэн сан үүсгэн, сонирхсон хэн бүхэнд нээлттэй байх боломжийг бүрдүүлэх нь зүйтэй гээд, хуулийн хэрэгжилтийг дүгнэж, сайжруулах эсэхийг тодруулсан. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын зардлыг 300 орчим сая төгрөгөөр нэмэгдүүлсэн. Энэ хүрээнд Тагнуулын ерөнхий газрын архивт буй хэлмэгдсэн хүмүүсийн талаарх баримт материалыг цахимжуулах, иргэд тэндээс хэрэгт хамаатай гомдол нэхэмжлэлээ гаргах, шууд татаж үзэх ажлыг хийхээр төлөвлөсөн. Гэсэн хэдий ч ажил эхлээгүй байсан тул энэ мөнгө буцааж татагдсан. Сангийн яам баталсан дүнгээр нь буцаагаад 2027 оны төсвийн төсөлд тусгасан тул цахимжуулах ажлаа хийнэ. Үргэлжлүүлэн цагдаагийн байгуулагад байгаа архивын материалыг цахимжуулах ажлыг хийхээр төлөвлөсөн гэлээ.

Ингээд хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй гурван саналаар санал хураалт явуулж, улмаар хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Холбоотой мэдээ

Реклам