УИХ-ын дарга С.Бямбацогтын энэ сарын 8-ны өдрийн 389 дүгээр захирамжаар гэр хорооллын иргэдийн амьдрах орчныг сайжруулах, агаар болон хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор “Эко өрх” болохыг дэмжих бодлого, эрх зүйн зохицуулалт, санхүүжилтийн арга хэрэгслийг боловсронгуй болгох, санал дүгнэлт гаргах, шаардлагатай хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгууллаа.
Ажлын хэсэг нь айл өрхүүд гэр, амины сууцаа дулаалах, эрчим хүчний хэмнэлттэй сууц шинээр барих, цахилгаан болон дулааны хангамжаа сэргээгдэх эрчим хүчээр шийдвэрлэх, утаагүй халаалтын болон хөрс бохирдуулдаггүй бие даасан ариун цэврийн байгууламж нэвтрүүлэхийг цогцоор нь дэмжих чиглэлд ажиллах юм. Мөн “Эко өрх”-ийн шалгуур, дэмжлэгийн хэлбэр, нөхцөлийг тодорхойлно. Түүнчлэн амины орон сууцны ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ногоон зээлийн хугацааг уртасгах, хүүг бууруулахад шаардагдах зардлыг 2027 оны улсын төсөвт тусгуулах санал, тооцоо судалгааг боловсруулах чиг үүргийг тус ажлын хэсэгт даалгасан байна. Ажлын хэсэг санал дүгнэлтээ УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы хугацаанд танилцуулж, шаардлагатай тохиолдолд хууль тогтоомжийн төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэх юм.
Уг ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц ахалж, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ж.Золжаргал, Г.Очирбат, Л.Соронзонболд, А.Ундраа, С.Цэнгүүн, М.Энхцэцэг нар ажиллана. Мөн захирамжийн хавсралтаар баталсан ажлын хэсэгт дэмжлэг үзүүлэх бүрэлдэхүүнд яамд, төрийн болон нийслэлийн байгууллагууд, мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгжийн төлөөллийг оролцуулжээ.
Дээрх захирамжийн дагуу байгуулсан “Эко өрх”-ийг дэмжих, эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлын хэсгийн анхдугаар хуралдаан өнөөдөр болов. Хуралдаанаар ажлын хэсгийн хүрэх үр дүн, цаашид хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны талаар хэлэлцэж, агаар болон хөрсний бохирдлыг бууруулахад өрхийн болон аж ахуйн нэгжийн түвшинд хэрэгжүүлэх шийдлүүдийг тодорхойлов. Тухайлбал, аж ахуйн нэгжүүдийн эрчим хүчний эх үүсвэрийг бие даан шийдвэрлэх, уурын болон нам даралтын зуухыг утаагүй технологид шилжүүлэх боломжийг судалж, дэмжихээр тогтлоо. Энэ хүрээнд УИХ-ын дарга С.Бямбацогт дараах үүргийг өгөв. Үүнд,
Өрхийн түвшинд: Гэр, амины сууцаа дулаалах, эрчим хүчний хэмнэлттэй сууц шинээр барих, цахилгаан болон дулааны хангамжаа сэргээгдэх эрчим хүчээр шийдвэрлэх, утаагүй халаалт болон хөрс бохирдуулдаггүй бие даасан ариун цэврийн байгууламж нэвтрүүлэхийг цогцоор нь дэмжих шийдэл гаргах,
Аж ахуйн нэгжийн түвшинд: Хэрэгцээт эрчим хүчний эх үүсвэрээ бие даасан байдлаар шийдвэрлэх, уурын болон нам даралтын зуухаа утаагүй технологиор солихыг дэмжих,
Дээрх зорилтын хүрээнд дэд ажлын хэсгийн бүрэлдэхүүн болох холбогдох яам, агентлаг, мэргэжлийн байгууллагуудаас тодорхой санал, эдийн засгийн тооцоолол, журмын төсөл боловсруулж, дараагийн хуралдаанд танилцуулахыг үүрэг болгов хэмээн УИХ-ын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
Эх сурвалж: МОНЦАМЭ


0 cэтгэгдэлтэй