УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан Төсвийн байнгын хороо хуралдаж дуусах хугацаанд завсарлаад, үргэлжлэн хуралдав.
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг тодорхой асуудлын хүрээнд дахин явуулсан тухай Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг тус Байнгын хорооны дарга Н.Наранбаатар уншиж танилцууллаа.
Тус байнгын хороо энэ сарын 2-ны өдрийн хуралдаанаараа 2026 оны төсвийн тодотголын төслүүдийг хэлэлцэж, санал дүгнэлт, зарчмын зөрөөтэй саналын томьёоллыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулав. Чуулганы хуралдаанаар хуулийн төслүүдийг хэлэлцэх үед Төсвийн байнгын хорооноос бэлтгэсэн зарчмын зөрүүтэй зарим саналтай холбогдуулан гурав дахь хэлэлцүүлгийг тодорхой асуудлын хүрээнд дахин явуулах шаардлагатай гэж үзэн буцаасан юм. Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар гурав дахь хэлэлцүүлгийг дахин явуулж, чуулганы нэгдсэн хуралдаанаас буцаасан саналуудыг нэг бүрчлэн хэлэлцэж, санал хураалт явуулжээ.
Чуулганы хуралдаанаар Төсвийн байнгын хорооноос бэлтгэсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асаргааны тэтгэмж, Боловсролын зээлийн сангаас олгох 3500 гаруй оюутны сургалтын төлбөртэй холбоотой зарчмын зөрүүтэй таван саналаар санал хураалт явууллаа. Зарчмын зөрүүтэй саналуудыг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул 2026 оны төсвийн тодотголын төслүүдийг дөрөв дэх хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.
Хуралдааны төгсгөлд УИХ-ын дарга С.Бямбацогт Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 05 дугаар дүгнэлтийн талаарх УИХ-ын тогтоолын эцсийн найруулгыг уншиж сонсголоо гэж УИХ-ын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
Эх сурвалж: МОНЦАМЭ


0 cэтгэгдэлтэй