Казахстаны “Solidcore Resources” компани Японд явуулах алтны хайгуулын ажилд 25 сая ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөж байгаа тухай тус компани “Astana International Exchange” /AIX/ олон улсын биржид байршуулсан мэдэгдэлд дурджээ.
Мэдэгдэлд дурдсанаар, “Solidcore Resources” компани нь “Japan Gold Corp.” компанитай стратегийн хайгуул хийх түншлэл байгуулсан байна. Уг түншлэл нь “Japan Gold Corp.”-ийн хайгуулын таван талбайг хамрах бөгөөд “Solidcore Resources” компани гурван жилийн хугацаанд нийт 35 сая канад доллар буюу 25 сая ам.долларын өртөг бүхий геологи хайгуулын төслийг санхүүжүүлнэ. Ингэхдээ төслийн хэрэгжилтийн хэд хэдэн үе шатны явцад хайгуулын зарим талбайн 80 хүртэлх хувийг шууд эзэмших эрхтэй болох ажээ.
“Japan Gold” нь Канадын геологи, хайгуулын компани бөгөөд Японы нутаг дэвсгэрт ашигт малтмалын хайгуул хийдэг байна. “Solidcore Resources” компани өмнө нь ОХУ-ын “Полиметалл” компанийг эзэмшиж байсан бөгөөд 2024 онд Орос дахь хөрөнгөө худалджээ. Мөн АНУ Москвагийн биржид хориг арга хэмжээ авсантай холбоотойгоор тус компани мөн онд тус биржид хувьцаагаа арилжихаа зогсоосон байна.


0 cэтгэгдэлтэй