Реклам
  • Баасан, 2026.11.06
  • ·
  • Улаанбаатар, -4° C

Африк тивийн хуваагдах үйл явц таамаглаж байснаас хурдасжээ

Зүүн Африкийн нэг бүс нутагт эх газар хуваагдах үйл явц өмнө эрдэмтдийн тооцоолж байснаас илүү ахисан үе шатанд хүрсэн нь алс ирээдүйд тус бүс нутагт шинэ далай үүсэх боломжтойг харуулжээ. Энэ тухай “Qazinform” агентлаг “Nature Communications” сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны өгүүллээс эш татан мэдээлжээ.

Судлаачид Кени, Этиопын нутгаар дамнан үргэлжилдэг, Зүүн Африкийн хагарлын бүсийн нэг хэсэг болох Турканагийн хагарлын бүсийг судалжээ. Газар хөдлөлтийн хэмжилтээр хагарлын төв хэсэгт дэлхийн царцдасын зузаан 13 орчим км байгааг тогтоосон бол хагарлын бүсээс гаднах зузаан 35 орчим км-ээс давсан байна.

“Энэ бүс нутагт хагарал үүсэх үйл явц өмнө нь бидний тооцоолж байснаас ахиж, царцдас нь илүү нимгэрсэн болохыг бид тогтоосон. Зүүн Африкт эх газар хуваагдах үйл явц өмнө нь тооцоолж байснаас илүү ахисан байна” гэж судалгааны өгүүллийг бичсэн Колумбын их сургуулийн дэргэдэх Ламонт-Доэртигийн нэрэмжит дэлхий ажиглалтын төвийн судлаач Кристиан Роуэн хэлжээ.

Судалгааны үр дүнгээс үзэхэд Турканагийн хагарлын бүс “хүзүү нарийсах” гэж нэрлэдэг үе шатанд шилжсэн байна. Энэ үе шатанд эх газрын суналтын үйл явц хагарлын тэнхлэгийн дагуу төвлөрч, дэлхийн царцдас нимгэрч, сулардаг ажээ. Судлаачид Турканаг уг үйл явц идэвхтэй явагдаж буй эх газрын хагарлын бүсийн ангилалд оруулснаар эрдэмтэд өмнө нь ажиглахад бэрхшээлтэй байсан хуваагдлын энэ үе шатыг судлах боломжтой болж байна.

Судлаачдын тооцоолсноор “хүзүү нарийсах” үйл явц ойролцоогоор дөрвөн сая жилийн өмнө өргөн хүрээтэй галт уулын идэвхжил явагдсаны дараа эхэлжээ. Үүний дараагийн үе шат болох “далайжилт” буюу эх газар цаашид салж хуваагдах явцад далайн шинэ ёроол үүсэхэд хүргэж болзошгүй байна. Гэхдээ энэ шилжилт хэдэн сая жил үргэлжлэх төлөвтэй байгаа бөгөөд уг судалгааны үр дүн нь хүн төрөлхтөн оршин байх хугацаанд эх газар удахгүй хуваагдана гэсэн үг биш ажээ.

Энэхүү судалгаа нь мөн Туркана бүсээс эртний хүний амьдралын ул мөр, олдвор маш олноор илэрсэн шалтгааныг тайлбарлахад тус дөхөм болох аж. Хагарлын бүс үүсэхийн хэрээр газрын гадарга доош сууж, тунамал хурдас илүү хурдацтай хуримтлагдсан нь чулуужсан олдвор хадгалагдан үлдэх таатай нөхцөлийг бүрдүүлсэн байж болох юм. Энэ үйл явцын цаг хугацаа нь тус бүс нутагт чулуужсан олдвор хадгалагдан үлдэх хурдсын давхаргууд үүсэж эхэлсэн үетэй давхцаж байгаа ажээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Холбоотой мэдээ

Реклам