Сансар судлалын шинжлэх ухаан, технологийн ололтыг хүүхэд, залууст таниулах Дэлхийн сансрын долоо хоног Төв аймагт эхэллээ.
Аймгийн Хүүхэд, залуучуудын ордонд аравдугаар сарын 7-ныг хүртэл үргэлжлэх Дэлхийн сансрын долоо хоногоор туршилт, үзэсгэлэн, танин мэдэхүйн хөтөлбөр, хэлэлцүүлэг зохион байгуулж байна.
Хүүхэд, залуус эдгээр үйл ажиллагаанд оролцож, сансар судлал болон инженерчлэл, технологийн чиглэлээр шинэ мэдлэг, мэдээлэл авахын зэрэгцээ өөрийн сонирхол, авьяас чадварт тохирох мэргэжлийн чиглэлээ танин мэдэх боломжтой юм.
Төв аймагт хүүхэд, залуусын шинжлэх ухаан, технологийн боловсролыг дэмжих, орчин үеийн техник технологитой танилцах боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр сургалт, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Дэлхийн сансрын долоо хоногийг зохион байгуулж байгаа нь хүүхэд, залуусын шинжлэх ухаанч сэтгэлгээ, бүтээлч хандлагыг хөгжүүлэхэд ач холбогдолтой юм.
2026 он нь анхны шингэн түлштэй пуужин хөөргөсний 100, хүн төрөлхтөн сансарт ниссэний 65, Монгол хүн сансарт ниссэний 45 жилийн ой тохиож буйгаараа онцлог. Эдгээр түүхэн үйл явдлын ойг тохиолдуулан Дэлхийн сансрын долоо хоногийг дэлхийн олон оронд тэмдэглэж байна.
НҮБ-аас Дэлхийн сансрын 7 хоногийг сансрын шинжлэх ухаан, технологийн хүн төрөлхтний хөгжилд оруулж буй хувь нэмрийг таниулах, хүүхэд, залуусыг шинжлэх ухаан, технологийн чиглэлээр суралцахад урамшуулах зорилготой дэлхийн хэмжээний томоохон үйл ажиллагааны нэг хэмээн тодорхойлдог.
Эх сурвалж: МОНЦАМЭ


0 cэтгэгдэлтэй