Реклам
  • Баасан, 2026.11.06
  • ·
  • Улаанбаатар, -4° C

Баруун Австрали өвлийн борооны дараа өнгө өнгийн цэцэгсээр хучигджээ

 Баруун Австралид өвлийн бороо орсны дараа хуурай, гандуу нутгийн өнгө төрх нь хувирч, тал хээр нь өнгө өнгийн зэрлэг цэцэгсээр хучигдсаныг АНУ-ын сансар судлалын НАСА агентлагийн хиймэл дагуулын зургууд харуулжээ.

НАСА болон АНУ-ын Геологийн албаны хамтран ажиллуулдаг “Landsat 8” хиймэл дагуулд суурилуулсан “Operational Land Imager” (OLI) төхөөрөмжөөр авсан эдгээр зурагт 2026 оны наймдугаар сарын сүүлчийн байдлыг 2025 оны мөн үеийнхтэй харьцуулан харуулсан байна. Өнгөрсөн оны мөн үед тус нутаг илүү их хуурай гандуу байжээ.

Перт хотоос хойш 600 орчим км-ийн зайд орших Мурчисоны бүс нутагт зургаадугаар сард олон жилийн дунджаас их хур тунадас орсон бол наймдугаар сард бүр ч их хэмжээний бороо оржээ. Хүйтэн агаарын хэд хэдэн урсгал дайран өнгөрсөн нь хөрсөнд олон жил байсан үр соёолох чийглэг уур амьсгал бүрдэхэд нөлөөлж, зэрлэг цэцэгс олноор дэлгэрчээ.

Энэ оных шиг ийм үзэсгэлэнтэй байгаль сүүлийн 20 орчим жилд тус бүс нутагт үзэгдээгүй гэж орон нутгийн мэргэжилтнүүд үзэж байна. Энэ жил “mulla mulla” буюу нил ягаан өнгийн цэцэгтэй ургамал болон Мурчисоны радио-одон орон судлалын ажиглалтын төвд хянаж, судалдаг зарим ховордсон төрөл зүйлийн ургамал цэцэгсээ дэлгэжээ.

Алслагдсан энэ бүс нутагт голчлон одон орны судалгаа хийдэг. Австралийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн судалгааны байгууллага “CSIRO” энд хэд хэдэн радио дуран ажиллуулдгийн нэг нь “Australian Square Kilometre Array Pathfinder” (ASKAP) юм. Энэхүү төхөөрөмж нь одон орон судлалын ажиглалтад радио долгионы саад учруулахгүй байх зорилгоор тус бүсийг “радио долгионы чимээгүй бүс” болгон, цахилгаан соронзон долгионы хөндлөнгийн нөлөөллийг багасгадаг ажээ.

 Эх сурвалж: МОНЦАМЭ 

Холбоотой мэдээ

Реклам