Хиймэл оюуны тусламжтайгаар бүтээсэн контентийг ялган таниулах зорилгоор ChatGPT туслахыг бүтээсэн OpenAI компани нүдэнд үл харагдах усан тэмдэглэгээг нэвтрүүлэх гэж байгаагаа зарлалаа.
Үүнийг Хиймэл оюун ухааны тухай Европын Холбооны хуульд нийцүүлэн хийж байгаа ажээ. Усан тэмдэглэгээг ChatGPT ба Codex-ийн хэрэглэгчдэд зориулан ойрын хэдэн долоо хоногийн дотор Европын Холбооны хүрээнд нэвтрүүлэх юм.
Усан тэмдэглэгээ нь бодит тэмдэгт тэмдэглэгээ биш бөгөөд загварын хийсэн үгний сонголтыг үл мэдэгдэх байдлаар өөрчлөх замаар ажилладаг байна. Ингэснээр уншигчдад харагдахгүй боловч илрүүлэх хэрэгслээр таних боломжтой өвөрмөц дарааллыг үүсгэнэ. Илрүүлэгчийг ашиглах эрхийг зөвхөн зөвшөөрөл авсан судлаачид, тухайн чиглэлийн мэргэжлийн байгууллагуудад олгох ажээ.
“textGrain” гэдэг бичвэрийн усан тэмдэглэгээний технологи нь тухайн загвар үг сонгох үед үл үзэгдэх статистик дохиог нэмж оруулдаг. Илрүүлэгч систем нь тухайн бичвэрт OpenAI-гийн усан тэмдэглэгээ байгаа эсэхийг тогтоохын тулд уг дохиог хайна.
Усан тэмдэглэгээ нь тухайн материалд хүний оруулсан хувь нэмрийг хэмжихгүй, өмчлөх эрх эсвэл хариуцлагыг тогтоохгүй бөгөөд хэрэглэгчийг таних эсвэл уг материалын жинхэнэ эсэхийг баталгаажуулах үүрэггүй юм. Үүний зэрэгцээ, ийм тэмдэглэгээ байхгүй гэдэг нь тухайн материалыг 100 хувь хүн бүтээснийг батлахгүй.
Эх сурвалж: МОНЦАМЭ


0 cэтгэгдэлтэй