Алсын тээвэрлэлт хийхэд зориулсан Kodiak загварын жолоочгүй ачааны машин энэ оны сүүлчээр Техасын зам дээр явж эхэлнэ гэж FOX Business цахим хуудсанд мэдээлснийг Вашингтонд суугаа Kazinform агентлагийн сурвалжлагч дамжууллаа.
Kodiak компанийн үүсгэн байгуулагч бөгөөд ерөнхий захирал Дон Бернетт жолоочгүй ачааны машины шинэ технологийг нэвтрүүлж байгаа талаар ярьсан байна. “Бид нэг машинаас эхэлнэ, эхний машиныг оны сүүлчээр үйлдвэрээс гаргана, дараа нь 2027 оны туршид болон цаашдаа үйлдвэрлэлээ нэмэгдүүлнэ. Эхний удаад жолоочгүйгээр 200 бээр гаруй замд туршина” гэж тэрбээр хэллээ.
Жолоочгүй ачааны машины “уураг тархи” болох хиймэл оюунд суурилсан программ хангамжийг Кодиак компани боловсруулж байгаа юм. Энэ ажилд IKEA компани түншлэн оролцож, оны сүүлчээр төсөлд нэгдэх ажээ.
Бернеттийн ярьснаар бол, шинэ технологи аюулгүй, найдвартай гэдгийг Kodiak баталгаажуулсан тул ачааны машиныг үйлдвэрлэхэд бэлэн болсон байна. Тухайлбал, онцгой нөхцөл байдал үүссэн үед хариу үйлдэл үзүүлэхэд ачааны машиныг сургажээ. Ачааны машин гацах эсвэл аль нэг командыг ойлгохгүй болох үед замын хажууд гарч зогсоод тусламж дуудна. Энэ үед компанийн ажилтнууд ачааны машинд нэвтрэх эсвэл зайнаас удирдах замаар эвдрэлийг засах ажээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ


0 cэтгэгдэлтэй